Энэхүү товхимолд эрдэс, уулын чулуулгийг хээрийн нөхцөлд хэрхэн тодорхойлох, судлах, түүнчлэн аялагчид чухам юунаас эхлэх, юу эрж хайх, ямар бэлтгэлтэй явах талаар болон аяллаараа цуглуулсан сонирхол бүхий эрдэс, чулуулаг, амьтдын чулуужсан үлдэгдэл зэргийг хэрхэн нэгтгэж боловсруулах тухай зөвлөсөн байна.
Энэхүү “Стратиграфын үндэс" хэмээх гарын авлагад стратиграфын талаар ерөнхий тойм, түүний зарчимууд, стратиграфын нэр томьёоны тухай авч үзсэн байна. Стратиграфын хуваалт, ангилал, кодекс, номенклатур, геохронологын хуваарь хийгээд стратиграфын легенд, багана, харьцуулалт, нэгдэл, цэгцлэлт болон судалгааны аргуудыг авч үзэхийн өмнө стратиграфын биетүүдийг бүрэлдүүлэгч чулуулгийн төрлүүд, тэдгээрт судалгаа явуулах зарим онцлогийн тухай товч ойлголт өгөв. Энэ номыг геологичид, газарзүйчид болон их, дээд сургууль, коллежийн, геологын ба газарзүйн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулав.
Энэхүү номд чулуулгийн эвдрэл, литосферт явагдаж буй тектоникийн хөдөлгөөн, газар хөдлөл тэдгээрийн ангилал, онцлогийг тодорхойлсноор уншигчдад стрүктүүрийн геологи, геотектоникийн анхны ойлголт өгөх болно. Эцэст нь ашигт малтмалын үүсэл байршлын зүй тогтол тектоникийн тодорхой үе шаттай хэрхэн холбоотой болохыг харуулахыг оролдсон байна.
Ном нь орчин үеийн ойлголтын үндсэн дээр далай, түүний гарал үүсэл, далайг бүрэлдүүлж байгаа ус, давлагаа, түвшний өөрчлөлт, органик юмс, хурдас хуримтлалын тухай товч тодорхойлолт өгсөн. Мөн далайн морфологийн элемент бүрийн тодорхойлолт, гарал үүсэл, морфологи, хурдас хуримтлалыг авч үзсэн байна. Далайн хурдас хуримтлалд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлсон. Орчин үеийн далайн хурдас хуримтлалыг Монгол орны нутаг дэвсгэр дээр хөгжиж байсан эртний далайн хурдас хуримтлалтай актуализмын үүднээс харьцуулахын оролдов. Эцэст нь далайн хөгжлийг тодорхойлж ирсэн литосфер, атмосфер, биосферийн хувьслын тухай ойлголт өгөв. Их, дээд сургуулиудад геологийн мэргэжлээр суралцаж байгаа ахлах ангийн оюутнуудад болон судалгааны ажил хийж байгаа геологичдод зориулав.
Энэхүү бүтээлд Монголын нутаг дэвсгэрийн хэмжээнд хөгжиж байсан хожуу протерозойн болон түрүү палеозойн стрүктүрүүдийг үүссэн царцдасны төрлөөр нь эх газрын ба далайн гэж ангилан тодорхойлcон. Үүний хамт фосфорит агуулсан Хөвсгөлийн ба Завханы савууд болон тэдгээрийн хэмжээнд судлагдсан фосфоритын ордууд хийгээд хэтийн төлөв бүхий стрүктүрүүдийн тухай мэдээлэл өгсөн. Монголын фосфоритын савуудыг дэлхийн ойролцоо насны фосфоритын савуудтай болон орчин үеийн дэлхийн фосфат хуримтлалтай харьцуулалт хийжээ. Энэ бүгд нь Монголд фосфоритын чиглэлээр судалгаа явуулах дараалал, үе шатыг тодорхойлоход үндэслэл болсон байна.
Энэхүү сурах бичигт стратиграфийн шинжлэх ухааны зүйл болох стратиграфийн биетүүдийг бүрдүүлэгч чулуулгийн төрлүүд, тэдгээрт стратиграфийн судалгаа явуулах зарим онцлогийн тухай товч ойлголт өгчээ. Мөн стратиграфийн шинжлэх ухаанд хэрэглэдэг литологи, палеонтологи, хронологи, геохими, радиологи зэрэг аргуудад дээж хэрхэн авах, үр дүнд хэрхэн боловсруулалт хийх талаар оруулсан бөгөөд геологичид, газар зүйчид, их дээд сургуулийн геологийн мэргэжлээр суралцагч оюутнуудад зориулжээ.
Эхний хэсэгт эх орныхоо эрдэс баялгийн тухай тоймыг өгөөд өнөөдөр Монгол улс нутаг дэвсгэрийн геологийн судлагдсан байдал, эрдэс баялгийн олборлолтоороо дэлхийн хаана нь яваагаа мэдэж байх нь чухал гэдгийг ойлгуулахыг оролдсон. Сүүлчийн хэсэгт Өнөөгийн Монгол улсын хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй хүчин зүйл гэдэг бол эх орны минь газар шороонд байгаа эрдэс баялаг гэдгийг “дээр, дооргүй” ойлгодог болсон энэ үед бид нутаг дэвсгэрийнхээ геологийн тогтоцоо, эрдэс баялгаа хэрхэн яаж судлах ёстой, энэ эрдэс баялаг дээр тулгуурласан үйлдвэрүүдийг бүтээн босгож хэрхэн улсынхаа хөгжилд зориулж, хүн ардаа хэрхэн баян чинээлэг амьдруулах вэ! гэдэгт гол анхаарлаа чиглүүлжээ.
Энэ нэмж засварласан хоёр дахь хэвлэлд тасралт эвдрэлийн зарим элемент, голлох эрдсийн химийн элементийн ангилал, магмын чулуулгийн ислийн ба тунамал чулуулгийн дундаж агуулга зарим маркийн компас, GPS-ийн бүтэц зохион байгуулалт ба ажиллах зааврыг оруулсан байна.
Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулиудад заадаг бакалавр, магистр, докторын гурван шатны суурь судалгааны үндэс болох тектоникийн судалгааны арга, плит тектоник ба плюм тектоник болон металогени хэмээх үндсэн хэсгүүдээс бүрдэх 8 хэсэг, 20 бүлэг, 123 дэд гарчиг, геотектоникийн салбарын зарим ойлголтын тайлбар, зураг, бүдүүвчтэй.