Энэхүү номыг их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, төрийн онол, эрх зүй, хууль цаазын түүх, ёс заншил, угсаатны зүй судлаач, сонирхогчдод зориулав. Тус бүтээлд Монголын эртний цааз хууль, хэв ёс, зан заншлын хэм хэмжээг харьцуулахдаа бичмэл хуулиудыг он цагийн дарааллаар авч судалсан ба зан заншлын уламжлал, залгамж, хөгжлийн асуудлыг үелэн авч тусгасан болно.
Бүтээлдээ гадаад, дотоодын эрдэмтэд “Монгол цаазын бичиг”-ийг судалсан үр дүн, хүрсэн түвшин, уг цаазын бичгийг монголын эртний болон манжийн зарим хууль цаазтай харьцуулан судалж, түүний онцлогийг тодруулсан дүгнэлт, санал болон үйлчилсэн, баталж тараасан он цагийг тодорхойлсон судалгааг нэгтгэн дүгнэсэн. Монголчууд өөрийн уламжлалт эрх зүйг манжийн хууль цаазтай харьцуулах замаар хятад, дорно дахины хууль цаазын хатуу мөн чанарыг мэдрэх тусам үндэсний эрх зүйн уламжлалаа танин мэдэх, үнэлэх, хадгалах сэтгэлгээг улам гүнзгийрүүлсэн гэж дүгнэх үндэслэл нотолгоог оруулсан. Зохиогч “Монгол цаазын бичиг” монголчуудын уламжлалт эрх зүйн соёл, зохицуулалтын арга, механизмд зайлшгүй тулгуурласан обьектив, субьектив үндсийг тодорхойлсон шинжилгээний үр дүнг тусгав. Мөн “Монгол цаазын бичиг” бүхэлдээ нийтийн эрх зүйн харилцааг түлхүү зохицуулсан хууль цаазын хэм хэмжээний дурсгал гэдгийг нотолсон судалгааны үр дүнг багцлан илэрхийлэв.
Энэхүү бүтээл нь 1709 оноос хойш Халхын хошуудад мөрдөж байсан, олонд "Халх журам" хэмээн алдаршсан цаазуудын эх бичгийн судалгаа болно. Бидэнд "Баруун хүрээний Халх журам"-ын нэг эх, "Яамны халх журамын дүрэм"-ийн хоёр эхийн нэг нь хуулбар, нөгөө нь тухайн цаг үеийнхээ бичвэрээр уламжлан иржээ. Энэхүү эх сурвалжийг урьд өмнө дотоод, гадаадын судлаачид нэлээдгүй судалсан хэдий ч бичвэрүүдийн харьцуулсан шинжилгээ, эрх зүйн хариуцлагын хэлбэрүүд, Халх журамын ном зүйн судалгаа зэрэг хэлбэр болон агуулга талаасаа дараа дараагийн судлаачид улируулан судлахад дөхөм болох зорилгоор энэхүү бүтээлээ та бүхэнд өргөн барьж байна.
Энэхүү тайлбар толь бичигт Монгол улсын төр, эрх зүйн түүхэнд холбогдох 600 гаруй тайлбар, нэр томьёо, түүхэн үйл явдлыг оруулсан байна. Зохиогч түүхэн эх сурвалж, эрдэмтэд, судлаачдын бүтээлийг гол хэрэглэгдэхүүн болгож манай улсын эртний хууль цаазын түүхэн дурсгал, сурвалж бичгийг ашигласан төдийгүй, тус улсын төрийн зүтгэлтэн, төр хууль цааз судлаачдын талаарх лавлагаа, мэдээлэл оруулсан нь энэ толийн хүрээг улам өргөтгөж чадсан байна.
Энэ бүтээлийг Монголын эрх зүйн түүхийн үйл баримтыг цуглуулж, шинжлэх, эрх зүйн үйл явдал, юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарлах, таамаглах зэрэг зорилтыг хангах, аливаа үзэгдэл, ажиглаж болохуйц баримт, эх сурвалжид түшиглэн шинэ мэдлэг бий болгохыг зорьсон, тодорхой хэрэглээнд шууд ашиглах боломжгүй мэт санагдах асуудлуудыг эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн, мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж, эрх зүйн түүхийн шинэ мэдлэг бий болгоход чиглэсэн доктор Б.Баярсайханы судалгааны илтгэл, өгүүллүүдээс түүвэрлэн “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд хийх хууль зүйн антропологийн судалгаа” төслийн хүрээнд бэлтгэсэн гаргасан байна.
Улаан хацарт нь Их шавийн яамнаас таслан шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны гэж ангилж болохуйц эрх зүйн зөрчил гэж үзсэн үйлдлийг эрх бүхий албан тушаалтнаас шийтгэсэн эрх зүйн зөрчлийг нэгтгэсэн бүртгэл данс, дүрэм юм. Улаан хацартад манжийн Төр гэрэлт, Түгээмэл элбэгт, Бүрэн засагч, Бадаргуулт төр, Хэвт ёс хааны он тооллоос гадна, Хаант Монголын "Олноо өргөгдсөн" он тооллыг тус тус тэмдэглэснээс гадна эрх зүйн зөрчлүүдийг "Шавь яам"-д хэлэлцсэн болохыг дансны агуулгаас нь тодорхой мэдэж болох бөгөөд уг эх сурвалжид бурханы шашны зэрэг дэв, сүм хийдийн албан тушаалтан, сахил санваартангуудтай холбоо бүхий, цөөн хэдэн тохиолдолд хошуу тамгын газрын ажилтан, шавийн харъяат энгийн иргэдтэй холбоотой эрх зүйн зөрчлүүдийг тэмдэглэсэн байна.
Зарлигаар тогтоосон Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичигт “...олон засаг ван, бэйл, бэйс, гүн, сулван, бэйл, бэйс, гүнгүүд зоргоор иргэнийг элсэн хоргож тариа хагалбаас нэг иргэнээс 10 иргэнд хүрснийг нэгэн жилийн пүнлүү хас!...” “10-20-д, 21-30-д, 31-40-д, 50-д хүрснийг тус тус 2,3,4,5, жилийн цалин пүнлүүг хасч, 50-иас дээш болсныг түшмэл зэргийг эвд!” Гэх мэтээр тодорхой заажээ. Монголчуудын цаазалсан бэлчээр, газрыг иргэнд зоргоор хагалж, тариулах болбоос ван, бэйл, бэйс, гүн, туслагч тайж нарыг Жургаанаас чангалан ял хэлэлц! Тайж болбоос шууд түшмэл зэрэг эвд! Түшмэл, цэрэг сул монгол болбоос 2 сарын дөнгө дөнгөлж, 100 ташуур жанч! Хэрэв иргэд аюумшиггүй ашгийг хичээн монголчуудыг аргадан мөнгө зоос өгч үнэлж тарих нь болбоос уул газарт 2 сарын дөнгө дөнгөлүүл! Өдөр дүүрсний хойно уул нутагт хүргүүлж захирагтун!” гэх мэт хулийн хатуу заалтууд багтжээ.
Энэхүү дээж бичигт оруулж буй эх сурвалжууд нь дэвтэр тус бүрд он цагийн дарааллаар эрэмбэлсэн. Хубилай хааны зарлигаар зохиогдсон дөрвөлжин бичгээр буй хаадын зарлигууд, гадаадын жуулчдын аян замын тэмдэглэл, түүхэн эх сурвалжид тусгагдсан Их засаг цаазын заалтууд, Манж Монголын харилцаанд холбогдох хаадын зарлигууд, түүхэнд холбогдох хилийн гэрээ хэлэлцээрүүдийг оруулснаас гадна Оросын эрдэмтэн С.Д.Дылыковын бүтээл дэх уг цаазын эхийг хөрвүүлэн нийтэлж байна. Мөн Хорийн болон Сэлэнгийн Буриадын заншлын эрх зүйн бичмэл эх сурвалжуудыг анх удаа орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн толилуулж байна.
Энэхүү эмхэтгэлүүдэд оруулж байгаа эх сурвалжууд нь өмнө орчин цагийн монгол үсгээр буюу кирилл бичгээр хэвлүүлснийг эрх зүйн түүхийн судалгааны эргэлтэд оруулах зорилгоор эмхэтгэж байгаа бөгөөд ихэнх эх сурвалжийг Монгол Улс, БНХАУ-д хадгалж буй архивын баримтад тулгуурлан орчуулж, хөрвүүлэн толилуулж байна. Энэ бүтээлд судалгааны эргэлтэд огт орж байгаагүй “Зарлигаар тогтоосон гадаад монголын төрийг засах явдлын яамны дагаж явуулах хууль зүйлийн бичиг”-ийг анх удаа, мөн Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Дээд хурлаар “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ийг боловсруулах ажилтай холбоо бүхий Үндэсний Төв Архивт хадгалж буй түүхэн баримтуудыг багтаасан байна.
Монголын эрх зүйн түүхийн эх сурвалжийн нэг болох “Зарлигаар тогтоосон гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” (цаашид “хууль зүйлийн бичиг” гэх) хэмээх 63 дэвтрийн 20 дэвтэр эх сурвалж та бүхний гар дээр очиж байна. Манжууд монголчуудын олон зууны жилийн түүх, нүүдлийн мал аж ахуй, зан заншил, сэтгэлгээний хэв шинжийг хадгалан нийгмийн харилцааг зохицуулж ирсэн хэм хэмжээг өөрийн онцлогтойгоор нутагшуулан хэрэглэсэн бөгөөд нэн ялангуяа өргөн уудам газар нутаг, байгаль цаг уурын эрс тэс онцлог зэрэг хүчин зүйлийг харгалзан нарийн судалж эрх зүйн дэглэм тогтоосныг энэхүү эх сурвалжийн агуулгаас тодорхой харагдана.
Монголын эрх зүйн түүхийн эх сурвалжийн нэг болох “Зарлигаар тогтоосон гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” хэмээх 63 дэвтрийн хоёрдугаар хэсэг болох 21-63 дугаар дэвтэр эх сурвалж та бүхний гар дээр очиж байна. Манжууд монголчуудын олон зууны жилийн түүх, нүүдлийн мал аж ахуй, зан заншил, сэтгэлгээний хэв шинжийг хадгалан нийгмийн харилцааг зохицуулж ирсэн хэм хэмжээг өөрийн онцлогтойгоор нутагшуулан хэрэглэсэн бөгөөд нэн ялангуяа өргөн уудам газар нутаг, байгаль цаг уурын эрс тэс онцлог зэрэг хүчин зүйлийг харгалзан нарийн судалж эрх зүйн дэглэм тогтоосныг энэхүү эх сурвалжийн агуулгаас тодорхой харагдана.
2012 онд Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой, Үндсэн хуулийн цэцийн 20 жилийн ойг тохиолдуулан энэхүү номыг бүтээсэн байна. Тус бүтээл нь 1911-1924 онд батлагдсан үндсэн хуулийн шинжтэй баримт бичгүүд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, Үндсэн хуулийн төслийн талаарх саналыг оруулсан 3 бүлгээс бүрдэнэ.