Энэхүү эрдэм шинжилгээний сэтгүүлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн сэтгүүл зүйн деонтологийн онол, практикийн асуудлууд, монголчуудын экологийн сэтгэлгээний уламжлал ба сэтгүүл зүй, монголын улс төрийн сэтгүүл зүйн онцлог, тулгамдсан асуудлууд болон Юань улсын судар сонины мэдээний дурсгал зэрэг асуудлын талаарх 20 орчим өгүүллийг багтаасан байна.
“Сонины дизайн” номын онцлог нь уламжлалт сурах бичгийн хэлбэр, хайрцагт үл баригдан харьцангуй чөлөөт хэлбэрийг эрхэмлэсэн байх боловч өгүүлэн буй сэдвийнхээ судлагдахууны үндэс, гол зарчим, зохиомжийн онцлог, суурь ойлголт, үүрэг зорилгыг өнөөгийн хэрэглээний түвшинтэй уялдууланавч үзсэн нь шинэлэг болжээ.
Доктор Б.Болд-Эрдэнийн бичсэн энэ бүтээл нь реклам, түүний дотор ОНМХ-ийн зар сурталчилгааны талаарх анхны сурах бичиг бөгөөд Рекламын харилцааны хэрэглэгчид, Рекламын харилцааны мэдээлэгч, Рекламын суваг, харилцааны сэдэв агуулга, тэмдэгтийн тогтолцоо гэсэн үндсэн бүлэгт багтаан рекламын харилцааны онол, практикийн асуудлуудыг тодорхой жишээ баримтад тулгуурлан тусгажээ. Зохиогч уг бүтээлдээ реклам сурталчилгаанд өргөн хэрэглэдэг Юнгийн онол, Маслоугийн онол, Селф- Концепцийн онол, Курт Левиний сэтгэл зүйн орчны онол, Осгуудын онол, Фестингерийн онол, Феминизмийн онол, Фрейд, Неофрейдийн онол, Психоанализийн онол, Хорнейн онол, Эриксоны онол, Ризманы онол, Ангиллын онол, Зан чанарын онол, Санаа зорилгын онол, Шинж тэмдэгийн онол, Дахин тодотгохын онол, Үнэлэлт дүгнэлтийн онол, Үйл байдлын үнэлэлтийн онол, Оюун дүгнэлтийн учир шалтгааны онол, Харьцаа дүгнэлтийн онол, Адилсалын онол, Бэлгийн хөгжлийн онол, Харилцааны үйл явцын онол, Зохион байгуулалтын онол, Эерэг тааламжийн онолуудыг тайлбарласан байна.
Интернет сэтгүүлзүй бол даяаршсан харилцаа, хийбэр бичиглэл (гипертекст), виртуал ертөнцийг нэгтгэсэн цогц тогтолцоо юм. Энэхүү номонд интернет сэтгүүлзүйн мөн чанар, үүрэг, эх сурвалжийн орчин, цахим сонин, радио, телевизийн тухай дэлгэрэнгүй өгүүлнэ.
Орчин цагийн нийгмийн харилцаа үй олон гольдрол, хэлбэр, төрөлтэй болсон бөгөөд тэдгээрийн нэг нь олон нийтийн харилцаа юм. Олон нийтийн харилцаа нь нийгмийн амьдралын үй олон үзэгдэл, үйл явц, шалтгааны үр дагавараар өөрчлөгдөн хувьсч хөгжиж байдаг, хүний бусадтай адил байх, даган дууриах, хамтач сэтгэхүйн орчин билээ. Сэтгүүлзүй, реклам сурталчилгаа, PR, шоу бизнес гээд олон нийтийн харилцааны бүхий л хэлбэр зүйл иргэншсэн, даяарчлагдсан олон нийтийг нэгтгэж байна.
ПР нь нэгдсэн орчуулга, монгол тогтсон нэршил үгүй шууд хэрэглэгдэж буй үгийн нэг юм. ПР нь олон нийтийн ч, нийгмийн ч харилцаа биш бөгөөд судалгаа, төлөвлөлт, гүйцэтгэл, үр нөлөө гэсэн үйл явцын нэгдэл холбоо, уялдаа хамааралд оршдог харилцаа, мэдээлэл ажээ. Энэхүү бүтээлээр ПР-ын үндсэн ойлголт, ПР-ын үйл ажиллагаа, судалгаа, ПР-ын ёс зүй, бизнесийн ПР, улс төрийн ПР-ын ойлголтыг олж авах юм.