Энэхүү номыг социалист хууль ёс, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай сургаал, зорилтууд, социалист орнуудын туурвисан ном зохиолуудад дүн шинжилгээ хийн тэдгээрт тулгуурлан бичсэн. Шүүн таслах мөрдөн байцаах байгууллагуудын практик болон эрүүгийн хэргийн 300 орчим хавтаст материалд судалгаа хийж танхайрах гэмт хэргийн талаар гарч байсан хууль тогтоомжийн хөгжил, танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн төрөл, ял оногдуулах журам, энэ хэргийг бусад төрлийн хэргээс ялган зүйлчлэх асуудал танхайрагч бие хүн, түүний криминологи шинж, нөлөөлөгч хүчин зүйл, урьдчилан сэргийлэх арга зам зэрэг асуудлуудыг анх удаа авч үзсэн байна.
Оюутан, сонсогчид эрүүгийн эрх зүйн онолын мэдлэгээ хууль хэрэглэх практик ажиллагаанд бүтээлчээр ашиглах, тодорхой гэмт хэргийг зөв зүйлчлэх чадвар, дадлага тэдэнд эзэмшүүлэх бүтээлч эрхэм зорилгыг иш үндэс болгон тодорхой төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхийн практик ажиллагаагаар шийдвэрлэж ирсэн тодорхой гэмт хэргийн жишээ, шүүхийн шийдвэрийг өргөн ашиглаж бичсэн байна.
Шүүх засаглалыг гардан хэрэгжүүлдэг, үйл ажиллагаанд хуульд заасан эрх мэдлийнхээ хүрээнд оролцоог төрийн байгууллагуудын тогтолцоо, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагааны тухай асуудлыг онолын хувьд боловсруулах зайлшгүй шаардлагыг үндэс болгон зохиогч энэ номыг онол, практикийн зохих түвшинд бичсэн нь хууль цаазаар суралцаж буй оюутан, сонсогчид, ажилтнуудад өргөн ач холбогдолтой юм.
Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж байгаа өнөө үед гэмт явдлын байдал, шинж чанар, бүтэц, хөдөлгөөнд эрс өөрчлөлт гарч, гэмт хэргийн тоо хоног, цагаар өсөж, нийгэм, иргэдэд учруулах хор аюул нь улам өсөж байна. Ийм учраас зохиогч гэмт явдлыг нийгэм-эрх зүйн сөрөг үзэгдэл болох талаас нь судалж, түүний ойлголт, шинж чанар, хөдөлгөөн, ирээдүйн хандлага, орчин үеийн гэмт хэрэгтэн бие хүний онцлог, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нийгэм, улс төр, эдийн засгийн бодит нөхцөл байдалтай нягт уялдуулан авч үзэх оролдлого хийсэн байна. Энэ гарын авлага нь гэмт явдалтай тэмцэл явуулдаг төрийн байгууллагуудын ажилтнууд, оюутан, сонсогчид, өргөн олонд зориулагдсан.
Энэхүү бүтээлд төрийн засаглал хуваах онолын зарим асуудал, шүүх эрх мэдэл (шүүх засаглал), түүнийг хэрэгжүүлэх зарчим, шүүх эрх мэдлийг манай улсад хэрэгжүүлж ирсэн түүхэн уламжлал, шүүн таслах ажиллагааны ойлголт, төрөл, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх зэрэг төрийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, өмгөөлөх, нотариат зэрэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг их бүрэн авч үзсэн байна.
Уг бүтээлд эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг авч үзэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны практикт хэрэглэж ирсэн байдлын талаарх судалгааны үр дүн, өөрийн орны болон гадаадын эрдэмтэд, судлаачдын онолын зохиол, бүтээл, гадаадын орнуудын Эрүүгийн хууль тогтоомжийн харьцуулалтыг өргөн ашигласан. Түүнчлэн эрүүгийн эрх зүйн маргаантай асуудлуудыг шүүмжилж, судлаачдын үзэл, сургаалд шинжилгээ хийж Эрүүгийн хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох, олон улсын туршлагыг хэрхэн хэрэглэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт санал дэвшүүлсэн байна.
Энэ сурах бичигт Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, өөрийн болон гадаад орнуудын эрдэмтэн, судлаачдын эрх зүй, сэтгэл судлал, нийгмийн болон гүн ухааны чиглэлээр бичигдсэн олон тооны нэг сэдэвт зохиол, сурах бичиг, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдэд боловсруулалт, задлан шинжилгээ хийх замаар Ерөнхий сэтгэл судлалын шинжлэх ухааны тулгуур асуудлууд, хууль зүйн сэтгэл судлалын ойлголт, арга, арга зүйн үндэс, тогтолцоо, хууль зүйн үйл ажиллагааны нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрх зүйн сэтгэл судлал, хуульчдын хөдөлмөрийн сэтгэл судлал, хуульчдыг мэргэжлийн тодорхойлолт (профессиограмм), иргэний эрх зүйн зохицуулалт, гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүйн асуудлууд, мөрдөн байцаалт, шүүн таслах үйл ажиллагааны сэтгэл зүй зэрэг өргөн хүрээтэй асуудлыг иж бүрэн авч үзэх оролдлого хийсэн ба мэргэжлийн хуульчид, эрх зүйн салбар ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын үйл ажиллагаандаа сэтгэл зүйн мэдлэгийг хэрхэн ашиглах талаар санал, зөвлөмж боловсруулсан байна.
Зохиогч бүтээлдээ гэмт хэрэг, ялтай холбоотой онол, практикийн асуудлуудыг болон тодорхой төрлийн гэмт хэргүүдийн үндсэн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинж, ял хүндрүүлэх, онц хүндрүүлэх нөхцөл байдлууд, тодорхой гэмт хэрэг бүр бусад төсөөтэй гэмт хэргүүдтэй хэрхэн харьцах, тэдгээрийг ялган зүйлчлэх асуудлыг тал бүрээс нь иж бүрэн авч үзэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд, холбогдох салбар хуулиуд, тэдгээрт нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад актууд, тодорхой эрүүгийн хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэрүүд, эрдэмтэн, судлаачдын бүтээл, Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбаруудыг өргөн байна.
Зохиогчийн Монгол Улсын эрүүгийн эрх зүйн ерөнхий анги /схемчилсэн тайлбар/ номын шууд үргэлжлэл болох энэ бүтээлд тодорхой төрлийн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүнийг объектив ба субьектив шинж, ялыг хүндрүүлэх болон онц хүндрүүлэх нөхцөл байдлууд, тодорхой гэмт хэрэг бүр бусад төсөөтэй хэргүүдтэй хэрхэн харьцах, тэдгээрийг ялган зүйлчлэх асуудлыг бүх талаас нь дэлгэрэнгүй авч үзэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хуулиуд, Олон улсын гэрээ, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг өргөн ашигласан, ялыг хүндрүүлэх болон онц хүндрүүлэх зарим нөхцөл байдлуудад товч тайлбар хийсэн байна.
“Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн онол” /гэмт хэргийн сургаал/ номын шууд үргэлжлэл бөгөөд ялын тухай эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний нийгэм- эрх зүйн эх сурвалж, гэмт хэрэг ба ялын харьцаа, ялын тухай гүн ухаан, эрх зүй, шашны номлол, ялын тухай эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал, шинэчлэлийн асуудлууд, төрийн албадлагын онцгой арга хэмжээ болох эрүүгийн хариуцлага, ялын ойлголт, үндсэн шинж, зорилго, төрөл, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ, ял оногдуулах зарчим, үндэслэл, журам, эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх төрөл, үндэслэл, журам, ялтай байдлын онол практик, гадаадын зарим орны эрүүгийн эрх зүй дэх ялын ойлголт, зорилго төрөл, ял оногдуулах болон ялаас чөлөөлөх онцлог зэрэг асуудлыг авч үзсэн байна.
Энэхүү бүтээлд эрүүгийн эрх зүй, гэмт хэрэг, ял, ял оногдуулах болон ялаас чөлөөлөх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ зэрэг сэдвүүдийг багтаан нийт 5 бүлэг, 23 сэдэвт схемийг агуулжээ.
Гарын авлагад эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн тухай ойлголт, ангилал, эрүүгийн хариуцлага хүлээх этгээд, гэмт буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх үе шат, гэмт хэрэгт хамтран оролцогч, гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал зэрэг гэмт хэргийн тухай тулгуур ойлголтыг тусгасан байна.
Энэ гарын авлагад хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн онцлогийг нэлээд дэлгэрэнгүй тусгасан. Сургалтад ашиглахад дөхөмтэйг бодолцон хүний амьд явах эрхийн эсрэг, бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг бусад гэмт хэргийн ойлголт, бүрэлдэхүүний шинж, хэр хэмжээ, зүйлчлэлийн үндсэн асуудлыг тайлбарласан байна.