Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт ба инновацийн үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг зөв тооцох нь цаашид оновчтой хөрөнгө оруулалт хийх, шинэ техник технологи эзэмших үйл ажиллагааг урамшуулах, улмаар урагш хөгжин дэвжихэд чухал ач холбогдолтой. Энэхүү ном нь бизнес эрхлэгчид, бизнес-эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчид, судлаачдад зориулагдсан болно
Энэхүү номонд санхүү, эдийн засгийн шинжилгээний онол, арга зүйн асуудлаас гадна аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн тоо мэдээг ашиглан шинжилгээний үзүүлэлт, харьцааг тооцохын зэрэгцээ түүнд нөлөөлсөн үзүүлэлтүүдийн нөлөөллийг аж ахуйн үйл ажиллагааны хүчин зүйлийн шинжилгээний арга зүйг ашиглан тодорхой жишээгээр тайлбарлан харуулжээ. Энэ бүхэн нь санхүү, эдийн засгийн шинжилгээний хичээлийг судалж буй оюутан сурагчид болон аж ахуйн нэгжийн нягтлан бодогчид, санхүүгийн ажилтнуудад ашиглахад хялбар, ойлгомжтой болсон төдийгүй, шинжилгээний арга зүй болон аргачлал, мэдээллийн бааз, тулгамдсан асуудлууд, хөгжлийн цаашдын чиг хандлага зэрэг асуудлуудыг илүү дэлгэрэнгүйгээр тусгажээ.
Энэхүү номонд аливаа аж ахуйн нэгжийн удирдлагын өмнө тулгардаг, эдийн засгийн буюу бизнесийн шийдвэр гаргахад зайлшгүй мэдэх шаардлагатай зардлын бүтцийг шинжлэх арга зүй, зардал- үйлдвэрлэл- ашгийн хамаарлыг шинжлэх арга зүй, ялгаварт зардлын шинжилгээ, төсөвлөлт, тодорхой бус байдалд шийдвэр гаргах арга зүй, сүлжээ төлөвлөлтийн аргууд болон хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг шинжлэх арга зүйн асуудлыг онол, арга зүйн хувьд дэлгэрэнгүй харуулжээ. Мөн үндсэн сэдвүүдтэй холбогдсон бодлого дасгалыг тухайн бүлэг бүрийн төгсгөлд оруулсан байна. “Удирдлагын бүртгэл, шинжилгээ “ ном нь аж ахуйн нэгжийн удирдлагад төдийгүй нягтлан бодох бүртгэл, менежмент зэрэг бизнесийн удирдлагын ухаанд суралцаж байгаа оюутан, магистрант, эрдэмтэн багш нарт зориулагджээ.
Үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэх, зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх, үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаагаа гүнзгий таньж мэдэх, түүнд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд санхүү - эдийн засгийн шинжилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ.
Доктор /Ph/, дэд профессор Д.Моломжамцын бичсэн энэхүү номд инновацын талаар төрөөс баримтлах бодлого, зорилтыг авч үзсэний зэрэгцээ макро ба микро түвшин дэх инновацын үйл явц, гадаадын улс орнуудын инновацын туршлага, инновацын үр ашгийг тооцох арга зүйн талаар өгүүлсэн.
Хөрөнгө оруулалт бол улс орны нийгэм - эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм. Иймээс хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашиглах явдал хөрөнгө, санхүүгийн нөөцөөр харьцангуй хомс манай улсын хувьд ихээхэн анхаарах ёстой. Макро болон микро түвшинд гарч буй өөрчлөлтүүд нь улс орны хөгжлийн үндэс болсон хөрөнгө оруулалтын асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, үр ашгийг нь дээшлүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг онол практикийн үүднээс, тал бүрээс нь иж бүрэн судлах хэрэгцээ шаардлагыг буй болгож байна. Иймээс энэ чиглэлээр судалгаа хийж буй оюутан сурагчид, судлаачдад зориулан энэхүү номыг гаргасан.
Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй нягтлан бодох бүртгэл үүсэж хөгжсөнөөс хойш 90 гаруй жил болж байна. Түүхэн энэ цаг хугацаанд манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гарсан томоохон өөрчлөлт бүр нь бизнесийн хэл болсон нягтлан бодох бүртгэлийн хөгжилтэй салшгүй холбоотой байсан. Тиймээс зохиогч мянга мянган нягтлан бодогчид, энэхүү мэргэжлийг сонгон судалж буй оюутан сурагчид, магистрант докторантуудад зориулан энэхүү номонд нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил болон нягтлан бодох бүртгэлийн данс, дансны давхар бичилт, нягтлан бодох бүртгэл хөтлөх үе шат, арга зүйг судалж мэдэхэд дөхөм байдлыг ихэд анхаарч өөр хооронд нь логик дараалалд оруулан энгийн бөгөөд ойлгоход хялбар, сонирхолтой, хүртээмжтэй, үр өгөөжтэй байх талаас нь бичжээ.
Энэхүү бүтээлд хөрөнгө оруулалтын төслийн техник-эдийн засгийн үндэслэл бэлтгэх, үнэлэхтэй холбоотой арга зүйг шинээр баяжуулах, өөрийн орны зах зээлийн нөхцөлд зохицуулах, төслийн үр ашгийн үнэлгээг оновчтой сонгох, хөрөнгө оруулалтын төсөлд үр ашгийн шинжилгээ хийх, шийдэл гаргах арга зүй, орчин үеийн төслийн удирдлагын зохион байгуулалтын бүтэц, аргыг авч үзлээ.