Орчин үеийн шинэ техник технологи бүхий үйлдвэрийн газрууд байгуулагдаж гадаад харилцаа нь өргөжин тэлж байна. Энэ бүхэн өргөжин гүнзгийрэхийн хэрээр пүүс компанийн удирдлагад бизнесийн эцсийн зорилго болсон ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй ухаалаг оновчтой шийдвэр гаргах , аж ахуйгаа зөв удирдах , үйл ажиллагаагаа төлөвлөх ,ашиг орлого , өртөг зардлаа зөв тооцох явдал зайлшгүй чухал болж байна. Энэ бол пүүс компанийн удирдлагад төдийгүй нягтлан бодох бүртгэл , менежмент зэрэг эдийн засгийн шинжлэх ухаанд суралцаж байгаа оюутан сурагчид, эрдэмтэн багш нарт нэг адил хамаарах асуудал. Энэ номыг Ronald W. Hilton “ Managerial Accounting “, Dominiak and Louderback “ Managerial Accounting", Usry, Hammer “Cost accounting“, George Foster “Financial Statement Analysis зэрэг номуудыг ашиглан бүтээв.Удирдлагын бүртгэлийн энэхүү ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл юм.
Уг бүтээлд манай улсад үүсэж хөгжиж ирсэн нягтлан бодох бүртгэл, эдийн засаг-санхүүгийн шинжилгээний хөгжлийг түүхчлэн авч үзэхийн зэрэгцээ санхүүгийн шинжилгээний арга аргачлал, мэдээллийн бааз, тулгамдсан асуудлууд, хөгжлийн цаашдын чиг хандлага зэрэг асуудлуудыг дэлгэрэнгүй авч үзсэн болно. Түүнчлэн санал болгож буй санхүүгийн тайлангийн шинжилгээний үзүүлэлтүүдийн системийг өөрийн орны томоохон хувьцаат компаниудын бодит тоо мэдээг ашиглан тооцоолсон бөгөөд уг тооцоо судалгааг жишээ болгон авсан.
Тус бүтээлд аливаа аж ахуйн нэгжийн удирдлагын өмнө тулгардаг, эдийн засгийн буюу бизнесийн шийдвэр гаргахад зайлшгүй мэдэх шаардлагатай зардлын бүтцийг шинжлэх арга зүй, зардал-үйлдвэрлэл-ашгийн хамаарлыг шинжлэх арга зүй, ялгаварт зардлын шинжилгээ, төсөвлөлт, тодорхой бус байдалд шийдвэр гаргах арга зүй, сүлжээ төлөвлөлтийн аргууд болон хөрөнгө оруулалтын төсвийн үр ашиг, шинжилгээний асуудлыг онол, арга зүйн хувьд дэлгэрэнгүй тусгасан болно.