Энэхүү бүтээлд органик химийн тодорхойлолт, судлагдахуун, ач холбогдол, органик нэгдлийг нэрлэх ангилах зарчим, органик бодис, органик молекулын онцлог, ковалент холбоо үүсэх зарчим, молекул орбиталийн онолын үндэс, органик молекулын бүтэц, шинж чанарыг судлах аргууд, органик урвалын төрөл, механизм, нүүрстөрөгч, устөрөгчийн атомуудаас тогтох алкан, алкен, алкадиен, алкин, аренуудын онцлог шинж, байгальд орших хэлбэр, молекул бүтцийн онцлогууд, бусад органик нэгдлүүдийг гаргах эх түүхий эд болох тухай ойлголт, төрөл бүрийн нүүрсустөрөгчдийн молекул дахь нэг буюу хэд хэдэн устөрөгч атомыг янз бүрийн функциональ бүлгээр халснаар маш олон тооны янз бүрийн шинж чанартай органик нэгдлүүдийн бүхэл бүтэн анги бүлгүүдийг гарган авах боломжтой талаар мөн органик химичдийн заавал судалсан байх шаардлагатай зарим элементорганик ба полимер нэгдлүүд, гетероцагирагт ба биоорганик нэгдлүүдийн энгийн төлөөллүүдийг багтаажээ.
Оюутан залуус та бүхний гар дээр дэлгэн тавьж буй энэхүү “Органик хими 1”, “Органик хими 2” сурах бичгүүд нь МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийн 1, 2 курст сүүлийн 10 гаруй жилд уншиж байгаа лекцийн агуулгын хүрээнд, мөн лекцийн дараа оюутан бие даан гүнзгийрүүлэн судлахад зориулагдсан болно. Сурах бичгийн агуулга хоёр номд тус бүр 10 бүлэгт багтаан бичигдсэн бөгөөд Органик химийн онолын үндэс, нүүрсустөрөгчид, нүүрсустөрөгчдийн функциональт уламжлал, органик химийн тусгай бүлгүүд гэсэн үндсэн 4 хэсэгт хуваагдсан байна.
Энэ сурах бичигт нефть ба нефтийн бүтээгдэхүүнийг дээж авахаас эхлэн нефтийн үлдэгдэл фракцын найрлагыг судлах хүртэлх нефтийн шинжилгээний бүхий л үе шатны арга зүйг цогцоор нь багтаан оруулжээ. Лабораторийн туршилтын ажлын үр дүн нь суралцагчаас энэ чиглэлийн онолын мэдлэг эзэмшсэн байхыг шаарддаг тул нефтийн найрлага, шинж чанар, түүнийг судлах аргууд болон судалгааг явуулах дэс дараалал, анализын үр дүнг боловсруулах үе шатаас гадна ажил бүрийн өмнө түүний онолын үндэслэлийг нэлээд дэлгэрэнгүй оруулжээ.
Энэхүү ном нь органик химийг гүнзгийрүүлэн судалдаг их дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан бөгөөд органик химийн онолын мэдлэгийг илүү гүнзгийрүүлэн эзэмших, мөн органик урвал явуулах хамгийн ашигтай нөхцөлийг урьдчилан харах (уусгагч , катализатор, урвалын температур сонгох) шинжлэх ухаанчаар хандах хандлага, сорилын ур ухааныг суралцагсдад төлөвшүүлэхэд тус нэмэр болно. Уг сурах бичиг нь 12 бүлэг, органик химийн хичээлд ашиглагдах үндсэн сурах бичиг, гарын авлагын жагсаалт, хавсралт материалтайгаар бичигдсэн байна.