Энэхүү бүтээлд Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн хоёр зуу гаруй эмийн жорыг задлан шинжилж үзэхдээ олон талаас нь өргөн хүрээнд харьцуулж, Уламжлалт анагаах ухаан судлалд ургамлын үнэлгээг ялгавартай, оновчтой зөв сонгох, нөөцийг аривлан хамгаалах, зохистой ашиглах талаар шинэ сэргэг мэдээлэл өгсөн томоохон бүтээл болжээ. Тус ном нь Эмийн ургамлын судалгааны товч тойм, Эмийн ургамлын зурагт лавлах, Ардын болон уламжлалт эмнэлэгт ургамлыг хэрэглэх арга гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдсэн болно. Жорын судалгаанд монгол оронд ургадаг 240 ургамал, гадаадын 40 ургамлын ангилал зүйн шинжлэх ухааны нэршилүүд, тархалт, үйлдэл, нөлөө, Монгол Орос, Өвөр Монголд хэрэглэгдэж байсан эх сурвалжуудыг харьцуулан авч үзсэн байна. Мөн уламжлалт анагаахын өвчний ангилал зүйгээр 119 жор найрлага хамруулан авч үзсэнээс 82 зүйлийн ургамлыг тодруулж, санамсаргүй түүврээр 80 жорыг авч үзсэнээс 140 ургамлын давтамжийн эзлэх хувийг тодорхойлжээ.
Энэ бүтээлд ургамлын физиологийн салбарт өндөр хөгжилтэй улс орнуудад гарч буй сүүлийн үеийн ололт амжилт, мөн эх орондоо хийгдсэн судалгааны тойм гаргаж, тэдгээрээс аль болохоор оруулах, нэгтгэн дүгнэх, нөхөн гүйцээх, зарим шинэ санаа, зорилго гаргах, өөрийн хийсэн судалгааныхаа ажлын үр дүнг тусгаж, жишээ баримтаар баяжуулах, ургамлын физиологийн шийдвэрлэх асуудлаас газар тариалан, ургамлын аж ахуйд холбогдох хэсгийг илүү тодорхой болгох зарчим баримталсан байна. Энэ номд 8-р бүлгээс гадна 30 гаруй дэд бүлгийг шинэчилсэн байна.