“Философийн түүх” номын анхны хэвлэлд эртний философийн гурван гал голомт болсон Хятад, Энэтхэг, Грекийн философийн нөлөө бүхий үндсэн баримтлал, ойлголтуудын агуулгыг тоймлон авч үзсэн ба эдгээр философийн үзэл сургаалд хүний амьдралын утга учир, зорилго, нийгэм улс төрийн шилдэг зохион байгуулалтын арга хэлбэр, ертөнцийг танин мэдэх асуудал гээд философийн суурь асуудлуудад гүн гүнзгий хариулт өгсөн нь эдүгээ ч ач холбогдолоо алдаагүй төдийгүй, бүтээлийн хоёрдахь хэвлэлд дундад зууны философийн гол үзэл баримтлал, үндсэн ойлголтыг нэмж оруулсан бол энэ удаагийн гурав дахь хэвлэлд шинэ үеийн философийн зарим гол төлөөлөгчдийн үзэл санаа, гол ойлголтыг нэмж оруулжээ.
Философийн түүхийг судалснаар хүмүүн өөртөө тулгарад байгаа асуудлыг сайтар нягталж, олон хувилбараар сэтгэж, ухаалаг шийдвэр гаргах чадвартай болдог. Философийн түүхээс суралцах нь ухаалаг үндэслэлийг гаргах, үзэгдэл, үйл явцын ялгаа ба хамаарлыг олж тогтоох, өөрийн гэсэн бие даасан үзэл бодол, байр суурьтай болох, ерөнхийлөн дүгнэх, нөхцөлийг тайлбарлах, нухацтай сайн асуулт тавих чадвар, учрыг олоход уриалах, ойлголтыг тодорхойлох зэрэг сэтгэлгээний олон чухал чадварыг бидэнд төлөвшүүлдэг.