Уг бүтээлд эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг авч үзэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны практикт хэрэглэж ирсэн байдлын талаарх судалгааны үр дүн, өөрийн орны болон гадаадын эрдэмтэд, судлаачдын онолын зохиол, бүтээл, гадаадын орнуудын Эрүүгийн хууль тогтоомжийн харьцуулалтыг өргөн ашигласан. Түүнчлэн эрүүгийн эрх зүйн маргаантай асуудлуудыг шүүмжилж, судлаачдын үзэл, сургаалд шинжилгээ хийж Эрүүгийн хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох, олон улсын туршлагыг хэрхэн хэрэглэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт санал дэвшүүлсэн байна.
“Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн онол” /гэмт хэргийн сургаал/ номын шууд үргэлжлэл бөгөөд ялын тухай эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний нийгэм- эрх зүйн эх сурвалж, гэмт хэрэг ба ялын харьцаа, ялын тухай гүн ухаан, эрх зүй, шашны номлол, ялын тухай эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал, шинэчлэлийн асуудлууд, төрийн албадлагын онцгой арга хэмжээ болох эрүүгийн хариуцлага, ялын ойлголт, үндсэн шинж, зорилго, төрөл, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ, ял оногдуулах зарчим, үндэслэл, журам, эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх төрөл, үндэслэл, журам, ялтай байдлын онол практик, гадаадын зарим орны эрүүгийн эрх зүй дэх ялын ойлголт, зорилго төрөл, ял оногдуулах болон ялаас чөлөөлөх онцлог зэрэг асуудлыг авч үзсэн байна.