Энэхүү бүтээлийг Хууль зүйн их, дээд сургуулийн эрх зүйн ангийн оюутан, хууль зүйн мэргэжил эзэмшигчдэд зориулав. Төр, захиргаа, хууль, хяналтын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж буй албан хаагч, хуульчид зах зээлийн харилцааны нөхцөлд эрхэлж байгаа ажилтайгаа холбогдуулан, энэхүү бүтээлээс хууль зүйн мэргэжлийн "цагаан толгой"-г үзэж судалж болно. Даяаршиж буй өнөө үед дэлхийн хуульчдын арга туршлагаас суралцах нь манай орны хуульчдын хандах зүг болсон. МУИС-ийн ХЗС-д 20 гаруй жил Хуульчийн мэргэжлийн суурь хичээлийг заасан туршлага болон, дэлхийн алдартай эрдэмтэн, ОХУ-ын С.С.Алексеев, А.Э. Жалинский, А.С.Кобликов, Америкийн Л.Фридмэн, Японы М.Ясутомо нарын бүтээлийг өргөн ашиглав.
Экологийн эрх зүйгээр экологийн харилцаа, түүний тодорхой төрлүүдийн эрх зүйн зохицуулалт, хууль зүйн хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх, байгалийн нөөц баялгийг өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалах талаархи төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх зүйн байдал, байгаль орчны салбар дахь төрийн удирдлага, хяналт, иргэдийн эрх үүрэг, олон нийтийн оролцоо, байгалийн нөөцийн улсын дансны эрх зүйн үндэс, газар, түүний хэвлий, ашигт малтмал, тусгай хамгаалалттай газар нутаг, ой, ус, амьтан, ургамал, агаар зэрэг байгалийн нөөц баялгийг эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах, экологийн харилцаанд илэрч буй зөрчил, түүнд хүлээлгэх хууль зүйн хариуцлага түүнчлэн олон улсын экологийн эрх зүйн үндсэн асуудлуудыг судлах юм.
Монголын төр байгаль орчныхоо нөөц баялгийг зохистой хэрэглэн, тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ чанд биелүүлэхэд эрх зүйн арга хэрэгслийг үр нөлөөтэй ашиглах нь тулгамдсан зорилт болж байгааг харгалзан, “ Олон улсын экологийн эрх зүй” хэмээх энэхэн номыг уншигч олондоо толилуулж байгаа ба энэ нь бие даасан бүтээлийн хувьд манай орны хууль зүйн шинжлэх ухааны салбарт анхных юм. Уг номд Олон улсын экологийн эрх зүйн тулгуур ойлголтуудыг анх удаа нэгдмэл тогтолцоонд оруулан судалж, холбогдох баримт бичиг, хуульч эрдэмтдийн бүтээлүүдийг ашигласан болно.
Энэхүү бүтээлд газрын эрх зүйн онолын үндсэн асуудлууд, түүхэн уламжлал, шинэчлэл, газар өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалах харилцааны эрх зүйн зохицуулалт, газрын нэгдмэл санг төрөөс удирдах удирдлагын харилцаа болон газар зохион байгуулалт, бүртгэл, хяналт, газрын зөрчил, түүнд хүлээлгэх хууль зүйн хариуцлага, газрын маргаан, газрын ангилал, түүний эрх зүйн зохицуулалт, зах зээл хөгжсөн орнууд болон шилжилтийн үе дэх зарим орнуудын газрын харилцааны эрх зүйн зохицуулалтын тухай авч үзсэн байна.