Энэхүү бүтээлд Монгол улсын гавьяат хуульч, хууль зүйн доктор, профессор Б.Чимидийн сүүүлийн 10 гаруй жилийн бүтээл хамрагджээ. Тус бүтээлийг Нийтлэг асуудал, Хүний эрх, шүүх эрх мэдэл, Нутгийн удирдлага гэсэн үндсэн 3 дэвтэр, 7 хэсэгтэйгээр эмхэтгэн гаргаж байгаа нь Монгол улсын үндсэн хуулийн эрх зүй судлалд үнэт зүйл төдийгүй улс төр судлал болон нийгэм судлалын бусад салбар шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой болжээ.
Б.Чимид багшийн "Цагаан ном" гэж алдаршсан "БНМАУ-ын Захиргааны эрх зүй (Ерөнхий анги)" сурах бичгийг "Чимид сан"-аас эрхлэн хэвлүүлжээ. Зохиогчийн энэ алдартай сурах бичгийн суурь нь тэр үеийн хууль зүйн сэтгүүлд түүний нийтлүүлсэн өгүүллүүд болжээ. Уг бүтээлд захиргааны эрх зүйн үндсэн ойлголт, зарчмуудын талаар тусгажээ.
Сонгуулийн хуулийг боловсруулах, түүнд санаа оноогоо хэлэх, уг хуулийг баталж гаргах, түүнчлэн тайлбарлан таниулах, улмаар амьдралд хэрэгжүүлэхэд ерөөс сонгууль гэж юу вэ? гэдгийг сэнхрүүлэн тайлбарлах зайлшгүй шаардлагын үүднээс уг бүтээл төрсөн. Энэ ном бол сонгуулийн тухай Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудлаар турвисан цогц бүтээлийн нэг мөн. Ялангуяа энэ номонд онол сургаал дурдаад орхисонгүй, холбогдох хуулийн төслийг хийж түүнийгээ тайлбарласан нь онцлог мөний сацуу танд чухал гарын авлага болох нь дамжиггүй.
Уг номд сонгуулийн тогтолцоо, үйл явцын эрх зүйн үндсийг хамран өгүүлэв. Чингэхдээ эрх зүйн онолын чанартай тайлбар, ажил хэргийн зөвлөгөө, сэрэмжлүүлэг төдийг дурдсан нь гагцхүү хуулийг зөв хэрэглэх, сонгуулийг шударгаар явуулахад тус дэм үзүүлэх гэсэн зорилготой.Монгол оронд сонгуулийн тогтолцоо үүсэж хөгжсөн, Сонгуулийн байгууллага, тойрог хэсэг, сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн үнэмлэхээр дэвшүүлэх үйл ажиллагаа, сурталчилгаа, санхүүжилт, санал хураалт, маргаан болон улс төрийн нам эвсэл сонгуульд хэрхэн оролцох тухай тодорхой өгүүлжээ.
Номын тэргүүн бүлэгт Монгол Улсын төрийн байгууламж, аймаг, сум, баг буюу нийслэл, дүүрэг, хороо гэх засаг захиргаа-нутаг дэвсгэрийн бүх шатны нэгж, тэдгээрийн удирдлагын талаарх шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал үндэслэл, заалтыг төрийн эрх зүйн онолын үүднээс тайлбарлаж түүгээрээ дараа дараачийн бүлэг зүйлд хөндсөн асуудлын учрыг тайлах учиг нь болохуйц онол арга зүйн үндэс, олон орны нийтлэг жишгийг илэрхийлэхийг хичээсэн юм. Хоёрдугаар бүлэгт олон зууны угшилтай, монгол түмний үнэт зүйл болсон дотоод нэгжийн үүслийг, төрт ёсны түүхэн уламжлалын үүднээс хураангуйлан илэрхийлж 1921 оноос хойш буюу улс орныхоо шинэхэн түүхийн үед багийн талаар засаг төрөөс явуулсан бодлого, авсан арга хэмжээний оносон, алдсаны сургамжийг хууль зүйн зохих эх сурвалжаар нотлон харуулахыг оролдсон. Багийн өнөө ирээдүйн тухай асуудал эл номын сүүлчийн хоёр бүлт авч үзсэн. Монгол оронд 1990-ээд оноос үүсэж үргэлжилсэн ардчилсан шинэтгэлийн явцад түүхэн уламжлалт багийг сэргээн байгуулсан үндэс шалтгаан, үйл явц, анхны үр дүн, ач холбогдлыг гуравдугаар бүлэгт тодорхойлж, нэгэнт эхэлсэн шинэтгэлийг ардчилсан Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалын гүн агуулга, өндөр түвшинд хүртэл гүнзгийрүүлж эгэл олны хэвшил дадал болгох тулгамдсан хэрэгцээ, гол арга замыг аль болохоор илэрхийлэхэд номын сүүлчийн бүлэгт өгүүлэв.
Нэгдүгээр дэвтэрт төрийн байгуулал, удирдлагын болон байгууламжийн хэлбэр буюу ихэд дэлгэрч буй хууль зүйн бус хэллэгээр “засаглал”-ын хэлбэрийн талаарх “маргаантай” асуудлыг хэрхэн үзэх, Монголд парламентын засаг тогтоосон, ерөнхийлөгчийнхөөс татгалзсан, бас түүнийг шохоорхож буй шалтгаан, үүсэж болох үр дагавар, хамгийн гол нь энэ бүхэн ард түмний бүрэн эрхт байдал, язгуур ашиг сонирхлын асуудал мөн бөгөөд уг маргааныг хэрхэн шийдвэрлэхээс улс орны хувь заяа, улс төрийн дэглэм хамаарахыг илэрхийлэхийг зорьсон болно. Түүнчлэн төрийн тэргүүний талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал, төрийн байгуулалтад түүний эзлэх байр, ерөнхийлөгчийн эрх зүйн байдал, төр, намын харилцаа, улс төрийн намуудын шинэтгэлийн зарим асуудлыг хөндсөн.
Хоёрдугаар дэвтэрт эрх зүйн шинэтгэлийн агуулга, үе шат, үр дүн, цаашдын зорилт, Үндсэн хууль дээдлэх замд учирч буй бэрхшээл, өмч, газрын харилцааны зэрэг төр улс, айл гэр, иргэн бүрдхамаатай эгзэгтэй зарим практик асуудлыг илэрхийлсэн бөгөөд төрийн байгуулалтын эрх зүйн үндсийг ч бас хамаарсан юм.
Энэхүү бүтээлээр Үндсэн хууль гэж чухам юу болох, Үндсэн хуулийн үзэл санааг амьдралд хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтан юу хийх шаардлагатай хийгээд үзэл баримтлалын гол гол зүйлийг мэдсэнээр уншигч та төр нийгмийг залж, жолоодох, эрхээ эдлэх, хамгаалуулах боломж, бололцоо, хэрэгцээ, шаардлагыг мэдрэх болно. Өнгөрсөн, одоо цагийн үйл явдалд дүгнэлт өгч, ирээдүйд хэрхэхийг төсөөлж, гадаад орны эрх зүйн амьдралтай харьцуулхаын зэрэгцээ, Монголын төрийн практикт шинжилгээ хийж бичжээ.
Энэхүү альбомд Монгол улсын шүүхийн систем, зохион байгуулалтын бүтэц, үндсэн үүрэг, үйл ажиллагааны зарчмын түгээмэл ач холбогдол бүх гол асуудлыг БНМАУ-ын үндсэн хууль, Шүүхийн зохион байгуулалтын хууль, Эрүү, иргэний байцаан шийтгэх хуулиудын заалт, түүнчлэн шүүх прокурорын зохион байгуулалтын тухай шинжлэх ухааны ангилалт дүгнэлтийн дагуу (схемчлэн) харуулав.
Энэ номд захиргааны эрхийн болон мөнхүү шинжлэх ухааны зохицуулах, судлах зүйл, систем, БНМАУ-ын төрийн удирдлагын үндсэн шинж, зарчим, МАХН-ын удирдан чиглүүлэгч роль, төрийн захиргааны байгууллага болон захиргааны эрхийн харилцаанд оролцогч бусад байгууллага, иргэдийн эрхийн байдал, удирдлагын зохион байгуулалт эрхийн үндсэн хэлбэр, арга, төрийн алба, удирдлагын явцад социалист хууль ёсыг хангах арга, төр, олон нийтийн хяналт шалгалтын тухай зэрэг захиргааны эрхийн онолын үндсэн асуудлыг МУИС-ийн хууль цаазын салбарт баримталж буй программын дагуу дэс дараатай харуулахыг зорьжээ.
Шинэ-Идэр сум 1921 оны Үндэсний хувьсгалаас өмнө халхын Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны Их баг, 1924 оноос хойш Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань өлзийт далайн хошууны Чандмань сум байжээ. Энэхүү бүтээлийг тус сумын 80 жилийн ойд зориулан бичсэн бөгөөд тус сумын үүсэл, хөгжил, түүхэн өөрчлөлт, хүн ам, хөдөө аж ахуй, байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн байдал зэргийг хамруулан бичжээ.